Далхжавын ЛХАСҮРЭН

Далхжавын ЛХАСҮРЭН

Найруулагч, балетмейстер, Урлагийн гавъяат зүтгэлтэн /1928-1991 /

 

Хэнтий аймгийн Норовлин сум. УДБТ-ын ерөнхий найруулагч байхдаа Урлагийн гавъяат зүтгэлтэн /1971-07-02. №133/.

Улаанбаатар хотод урлагийн сургуулийг 1947онд, Москвад А.В.Луначарскийн нэрэмжит театр урлагийн дээд сургуулийг 1958 онд төгссөн. Балетмейстер мэргэжилтэй. Манай улсын анхны балетмейстер энэ хүн урлагийн сургууль төгсөөд 1947 оноос УХДТ-т бүжигчнээр хөдөлмөрийн гараагаа эхэлж Ховд, Дорнод аймгийн ХДТ, 1963 оноос Улсын драмын театр, УАДБЧ, Улсын цирк, ДБАТ-т найруулагч, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, даргаар ажиллажээ. Ардын үлгэрээс сэдэвлэж "Ганхуяг" хэмээх балетын цомнолыг зохиож, С.Гончигсумлаагаар хөгжмийг нь бичүүлж, найруулан тоглуулсан нь манай анхны томоохон балет болсон юм.

Түүнээс хойш "Мөнхийн нөхөрлөл", "Шуурга" зэрэг богино хэмжээний балет найруулан тавьсан. В.Мураделийн "Октябрь", А.Бородины "Игорь ван", Ш.Гуногийн "Фауст", П.И.Чайковскийн "Евгений Онегин", Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой", Д.Лувсаншаравын "Хан бүргэд", Л.Мөрдоржийн "Жаргал" зэрэг сонгодог болон үндэсний 20-иод дуурь, балетыг найруулж ДБАТ-ын тайзнаа тавьсан.

Говь-Алтай, Булган, Хэнтий, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ аймгийн соёл урлагийн 10 хоногийн тоглолтуудыг удирдан явуулсны гадна олон арван том концертыг найруулсан байна. "Өглөө", "Тэмцэл", "Төөрсөөр төрөлдөө", "Тамирын охин", "Давааны цаана даваа", "Сахиус уу, сахиул уу", "Уулзалт", "Солонгын таван өнгө" зэрэг уран сайхны киноны гол болон туслах дүрүүдэд чадварлаг тогложээ. Найруулах, жүжиглэх, урлан бүтээх өөрийн өвөрмөц арга барилтай, эсрэг, эерэг дүрийнхээ жүжиглэх, бүтээх онцлогийг сайн гаргадаг, өөрөө жүжиглэхдээ энгийн чөлөөтэй тоглож, уран хошин чиглэлийг голлодог онцлогтой уран бүтээлч байжээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр