Монгол улсын Ардын жүжигчин Цогийн ДАШДУЛАМ

Цогийн ДАШДУЛАМ

Төрийн шагналт, Ардын жүжигчин

 

Дашдулам 1926 онд Төв аймгийн Баян-Өлзийт /Батсүмбэр/ суманд төрсөн.

1961 онд Гавъяат жүжигчин цол, 1966 онд Төрийн шагнал, 2008 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

Манай улсын шилдэг гурван шударга хөгжимчний нэг. Энэ хүн 10 настайдаа алдарт хөгжимчин О.Дашдэлэгт шавь орж шанз хөгжим заалгаж хоёр жилийн дараа 1938 онд "Бөмбөгөр ногоон" хэмээх Улсын төв театрт хөгжимчин болжээ. С.Гончигсумлаагийн "Рапсоди", Л.Мөрдоржийн "Унаган жороо", Д.Бадарчийн "Ардын дууны найруулга", В.А.Моцартын "Рондо", А.Хачатуряны "Охидын бүжиг", Ж.Бизегийн "Кармен" дуурийн оршил зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүдийг шударга хөгжмөөр яруу сайхан хөгжимдөж олон түмэндээ хүргэсэн юм. 1960 оноос ХБДС-д шанз хөгжмийн багшаар ажиллаж олон арван шилдэг хөгжимчдийг сургаж хүмүүжүүлсэн байна. Шударга хөгжмийн сургалтын дэг сургуулийг бий болгож  "Шударгаар хөгжимдөх ардын арга барил", "Шударга хөгжимд суралцах бичиг" ном туурвин хэвлүүлжээ. 1966 онд үндэсний болон дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон учир төрийн шагнал хүртсэн байна. Мөн Сүхбаатарын одонгоор шагнагджээ.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр