БНМАУ-ын Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин Юндэндоржийн ОЮУН

Юндэндоржийн ОЮУН

Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин

 

Улаанбаатар хотод ХҮII-жарны усан луу жил төрсөн. 1960-1964 онд 10 жилийн 23-р дунд сургууль, 1964-1972 онд ОХУ-ын Санктпетербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит Бүжгийн Академик дунд сургуулийг Башкирын Ардын жүжигчин Л.М.Тюнтинагийн ангид суралцаж төгссөн.

1972-1991 онд УДБЭТ-т, 1991-1993 онд Монгол балетын танхимд гоцлол бүжигчин, 1993-2001 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит ХБДС, БЦДБЧ-д багшаар ажилласан.

Төрийн болон ойн хүндэтгэлийн концертуудад 40 гаруй удаа оролцож өөрийн тайзнаа Болгарын И.Дрангажав, алдарт бүжигчин ОХУ-ын М.Лиепа, Швейцарийн Х.Мейстер нартай "Хунт нуур", "Дон Кихот", "Жизель" бүжгийн жүжигт гоцлон Москва, Санкт-Петербург, Львов, Новосибирск, Будапешт, Кабул, Тбилиси, Ереван, Ханой, Улан-Үдэ, Бээжин, Хөх хотуудад айлчлан тоглосон.

1974 онд Варна, 1977, 1981 онуудад Москва, 1978, 1980 онуудад Японд болсон Олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, 3 хүрэл медаль хүртэж, 1990 онд Токиод болсон А.Павловагийн дурсгалд зориулсан Гала концертонд урилгаар оролцож байлаа.

1993 онд Москвагийн олон улсын тэмцээнд хүндэт зочноор уригдсан.

1975, 1979, 1982 онуудад Соёлын Яамны Тэргүүний уран бүтээлийн шагналаар, 1984 онд Монгол, Вьетнам улсын "Соёлын Тэргүүний ажилтан", 1976 онд "Засгийн газрын хүндэт жуух" бичгээр, 1978 онд Монгол улсын гавъяат жүжигчин цолоор, 1986 онд Монгол улсын ардын жүжигчин цолоор, 1991 онд Ардын Хувьсгалын 70 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж "Зууны мэдээ" сониноос ард түмний дунд явуулсан санал асуулгаар "Зууны манлай бүжигчин" өргөмжлөл хүртсэн.

Бүтээсэн дүрүүд:

П.И.Чайковский "Щелкунчик" Хятад бүжиг 1970 онд
Л.Делиб. "Талисман" Адажио 1972 онд
А.Хачатурян "Гаянэ" Сэлэмт бүжиг 1972 онд
Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" 1972 онд
Ж.Чулуун "Уран хас" 1973 онд
П.Чайковский "Хунт нуур" 1975 онд
А.Морозов "Ай болит доктор" 1975 онд
Л.Минкус "Дон Кихот" 1975 онд
Испани бүжгийн цоморлиг 1977 онд
А.Адан "Жизель" 1979 онд
Э.Чойдог "Мөнгөн залаа" 1979 онд
К.Сен Санс "Хун" 1980 онд
З.Хангал. "Эрдэнэсийн уулс" 1981 онд
П.Чайковский "Щелкунчик" 1982 онд
А.Хачатурян "Спартак" 1984 онд
Д.Шостакович "Энхийн тойрог" 1985 онд
А.Адан "Корсар" 1986 онд
Ж.Мэнд-Амар "Үйлийн гурван толгой" 1987 онд
П.И.Чайковский "Нойрссон гүнж" 1990 онд
Х.Билэгжаргал "Бөртэ чоно" 1990 онд
Зангель Брук, З.Хангал, Э.Чойдог "Сүйрлийн дараахь амьдрал" 1993 онд
Модерн бүжиг 1999 онд

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр