Монгол Улсын Ардын Жүжигчин, дэд профессор, дуучин Аюушийн ЗАГДСҮРЭН

Аюушийн ЗАГДСҮРЭН

Ардын Жүжигчин, дэд профессор, дуучин

 

Ард түмэндээ “Алтан гургалдай” хэмээн алдаршсан Загдсүрэн 1933 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Наран гозгор” хэмээх газар нутгийн уугуул Аюушийн ууган охин болж мэндэлжээ.

Түүний хөгжмийн цагаан толгой анх заасан багш нь МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав гуай юм.

Түүнийг 1953 онд БНХАУ-д айлчлан тоглох урлагийн бүрэлдэхүүнд сонгож ”Шаргын шаргын жороо”, “Дөрвөн настай халиун” ардын 2 дуугаар,мөн хятад ардын дуугаар Хятадын үзэгч сонсогчдод ая бариулж явсан гэдэг. Румынд болсон Дэлхийн залуучууд Оюутны Их Наадамд торгууд ардын “Шаргын шаргын жороо” дуугаа найрал дуучдын түрлэг дор дуулж анхны Хүрэл медалийг  1953 онд эх орондоо авчирсан юм. Их наадмаас ирэхэд нь түүнийг Улсын Төв Театрт дуучнаар авчээ.

Тэрээр 1954 онд Москва хотын Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Их Сургуулийн оюутан болж 1959 онд мэргэжлээ онц дүнтэй төгсч, Монголын анхны мэргэжлийн эмэгтэй дуурийн дуучин болжээ.

Уран бүтээлийнхээ алтан дөрөө болсон “Шаргын шаргын жороо”, ”Сүнжидмаа”, ”Аргагүй амраг”, “Шар хад” зэрэг ардын дуунууд, Д.Лувсаншарав багшийнхаа “Би чамд хайртай”, ”Хурдан зээрд” АЖ хөгжмийн зохиолч Д.Мяасүрэнгийн ”Алтан намар”, УГЗ, ТШ хөгжмийн зохиолч Г.Бирваагийн ”Гоёхон чимэг ч юмуу даа”,  АЖ, дуучин Д.Жаргалсайханы “Ганцхан туулах насных”, Г.Дарамзагдын “Орчлонд би азтай төржээ” хөгжмийн зохиолч Нацагийн Мэндбаярын өөрт нь зориулж зохиосон ”Дуучин чамдаа” зэрэг дуунууддаа тэрээр их л хайртай байсан бөгөөд, сонгодог урлагийг бишрэн хүндэтгэдэг үзэгч, сонсогч олон маань түүний дуулсан Б.Дамдинсүрэн ”Жаргалын зам” дуурийн Халиуны ари, П.И.Чайковский ” Евгений Онегин” дуурийн Татъяана, А.Бородин ”Игор ван” дуурийн Ярославна, А.Даргомыжский ”Лусын дагина” дуурийн Наташагийн ари, С.Рахманинов “Алеко” дуурийн Земпирагийн ари, С.Гончигсумлаа ”Үнэн” дуурийн Ядмаагийн ари романсыг одоо болтол шимтэн сонсох дуртай билээ.

Бүтээлүүд:

Ховдын аймгийн хөгжимт драмын театрт:
1. Д.Нацагдоржийн зохиол, Б.Дамдинсүрэнгийн хөгжим”Учиртай 3 толгой” дуурийн Хоролмаад 1952 оны 5 сард, удирдаач Яасай.
2. Ойдовын зохиол”Залуу үе” жүжгийн Сүрэнгийн дүрд-1950 он
3. ”Америкийн дуу хоолой” жүжгийн Марилагийн дүрд-1952 он
4. Ч.Ойдовын зохиол”Далан худалч” жүжгийн Тунгалагийн дүрд-1953 он 5. ”Арвижихын гэр бүл” жүжгийн Ханд-д 1952 он

УДБЭТеатрт:
1.Б.Дамдинсүрэн “Учиртай 3 толгой”дуурийн Нансалмаад-1959 он. Удирдаач. Ж.Чулуун АЖ
2. Д.Сэнгээгийн зохиол, С.Гончигсумлаа ”Үнэн” Дуурийн Ядмаа-д 1959 он Удирдаач. Ж.Чулуун АЖ
3. Ч.Чимэдийн зохиол, Б.Дамдинсүрэн ”Жаргалын зам” дуурийн Халиуны дүрд-1960 онд, Удирдаач-Ж.Чулуун АЖ
4. А.С.Пушкины зохиол, П.И.Чайковский ”Евгений Онегин” дуурийн Татяьана-д 1963-6-8 нд удирдаач  Ж.Чулуун АЖ
5. Д.Намдагийн зохиол, Б.Дамдинсүрэн ”Шарай голын 3 хаан” дуурийн Оргомгуагийн дүрд 1963-8-10 нд удирдаач Ж.Чулуун АЖ
6. А.Даргомыжский “Лусын дагина” дуурийн Наташа-д 1964-7 удирдаач. Ж.Чулуун АЖ
7. В.Мурадель ”Октябрь” дуурийн Марина-д 1967-10 удирдаач, Ж.Чулуун АЖ
8. С.Рахманинов ”Алеко” дуурийн Земпира-д 1968-9-15 удирдаач, Ж.Чулуун АЖ
9. Б.Дамдинсүрэн ” Амарсанаа” дуурийн Гэрэлгуа-д 1970-7-20 удирдаач Ж.Чулуун АЖ
10. Дж.Пуччини “Чио-Чио-сан” дуурийн Мадам Баттерфлей-д 1970-8-10 удирдаач Ж.Чулуун АЖ
11. Дж.Верди “Травиатта” дуурийн Анина-д 1976 он, удирдаач. Ч.Жамсранжав УГЗ
12. Б.Сметан ”Худалдагдсан бэр” дуурийн Людмила-д 1980 он удирдаач Ч.Жамсранжав УГЗ
13. А.Бородины ” Игорь  ван” дуурийн Ярославна-д 1967 он удирдаач, Ж.Чулуун АЖ
14. П.И.Чайковский” Евгений Онегин” дуурийн Ларина-д 1981 он удирдаач Ч.Жамсранжав УГЗ
1959-1974 онуудад 40 гаруй удаагийн Төрийн болон ойн баярын концертод, 1982-1983 онуудад Улсын Филармонитой хамтран 20 гаруй удаа концертод  оролцсон.

Монгол улсынхаа бүхий л аймаг, сумд, үйлдвэр, малчны сууриудад тоглолт хийжээ.
Хятад, Орос, Румын, Польш, Герман, Югослав, Франц, Энэтхэг, Шриланк, Солонгос, Болгар, Америк зэрэг орнуудад айлчлан тоглолт хийсэн. Ереван, Баку, Улаан-Үдэ зэрэг хотуудад П.И.Чайковский ”Евгений Онегин”, А.Даргомыжский “Лусын дагина” дууриудад тоглосон.

1967-оноос эхлэн дуулахын хажуугаар багшилж,1982 оноос СУИС-д Дуулаачийн тэнхимд Вокалын багшаар 2001 он хуртэл ажиллаж, олон арван авъяаслаг залуусыг их урлагийн замд оруулсан нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн байлаа.

 

Төр засгаас түүний авъяас, хөдөлмөрийг үнэлж 1961 онд БНМАУ-ын Гавъяат жүжигчин, 1979 онд Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон, 1999 онд МУ-ын Ардын жүжигчин хэмээх эрхэм цолоор шагнажээ.

-СТА тэмдгээр 1983 он
-Доцент багш цолоор 1991 он
-Боловсролын тэргүүний ажилтан цолоор 1993 он
-Ардын хувьсгалын ялалтын 40,50,60,70,80 жилийн ойн медалууд
-Орос улсын Лениний нэрэмжит шагнал 1978 он
-Дэд профессор цолоор 1997 он

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр