Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэгмидийн НАМСРАЙЖАВ

Цэгмидийн НАМСРАЙЖАВ

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч

 

1927-6-15-нд Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. 10 настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан хөгжимчнөөр орсон цагаас 50 гаруй жил их урлагийг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан, манай нэрт удирдаач, гарамгай зохион байгуулагч, хөгжмийн зохиолч хүн билээ.

1949-1952 онд УТТ-т хөгжимчнөөр ажиллаж, А.Белоусовын удирдлага дор симфони хөгжмийг найруулан тоглуулах хөгжмийн зохиолчийн анхны мэдлэгийг олж авчээ.

Хуучир хөгжмөөр уран бүтээлийхээ замналаа эхлэн, улмаар валторн хөгжмийг чадварлаг эзэмшиж, монголдоо симфони найрал хөгжмийн анхны бүтээл болох “Хувьсгалт баатарлаг марш”-ийг туурвин бүтээж, 1951 онд Гавъяат жүжигчин цол хүртсэн юм.

Ц.Намсрайжав 1952 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн удирдаачийн ангид элсэн орж, амжилттай төгсөн, эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач бөгөөд 30 гаруй жил байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллаж байсан.

Хөгжмийн зохиолчийн хувьд ард түмний хүртээл болсон “Баярын жавхаа” симфони удиртгал, “Говь гурван сайхан” симфони найраглал, “Халуун элгэн нутаг” дуугаараа 1971 онд Төрийн шагнал авч байжээ.

Тэрээр хөгжмийн дан зохиол, вальс, хөгжмийн дүрслэл, бүжгийн хөгжим, зохиомж зэрэг 20 гаруй бүтээл , хүүхдэд зориулан бичсэн “Хувдай ишигний паян” симфони зохиол, “Халуун элгэн нутаг”, “Ээжээ дурсана”, “Эх орон” зэрэг 10 гаруй дуу, “Гурван найз”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үүрээр”, “Тунгалаг тамир”, “Их замын эхэнд” , “Буш хүүгийн үлгэр”, “Цэрэг эрсийн жирийн өдрүүд”, “Их замын тоос” зэрэг кинонуудын хөгжмийг туурвин бүтээж, олон арван киноны хөгжмийг удирдан тоглуулсан юм.

Ц.Намсрайжавын сонгодог урлагийг хөгжүүлэх, ард түмэнд сурталчлах үйлсэд оруулсан гавъяа зүтгэлийг нь үнэлэн, 1981 онд Ардын жүжигчин цол, “Алтан гадас” одон, Улс хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнагдсан.

Эх орондоо хайртай хүн бүхний зүрх сэтгэлээс уяатай байдаг “Зууны манлай” дуугаар шалгарсан “ Халуун элгэн нутаг” дуу нь зөвхөн Монголд бус Халимаг, Буриад, Өвөр Монголд дуулагдан, Монгол туургатны сүлд дуу болсон бөгөөд энэ дуунд зориулан хөшөө босгосон билээ.

1973 онд "Анчин ба согоо" балет бичсэн /Б.Дамдинсүрэнтэй хамт/.

 

Л.Мөрдорж "Хөхөө Намжил" дуурь 1960, П.И.Чайковский "Франческа да Римини" 1964, А.Зарина "Чипполино" 1965, С.Гончигсумлаа "Хошуу наадам" 1965, Л.Делиб "Копеллия" 1966, Ц.Пуни "Эсмеральда" 1967, Б.Асафьев "Парисын дөл" 1971, Н.Римский-Корсаков “Шехерезада" /1975 онд/ зэрэг балетуудыг удирдан тоглуулсан.

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр