Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Жамъянгийн ЧУЛУУН

Жамъянгийн ЧУЛУУН

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч

 

Нэрт удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин Ж.Чулуун 1928 оны хоёрдугаар сарын 10-нд Ховд аймгийн Жаргалант сумын нутагт төрсөн. Эцэг Жамъян өнчин ядуугийн эрхээр айлд зарцлагдаж, жин тээж явсан бөгөөд нөгөөтэйгүүр орос, хасаг, хятад хэлтэй сэхээтэн маягийн хүн байжээ. Тэрээр хувьсгал ялсны дараагаас аймгийн захиргаа, дотоодыг хамгаалах газарт хэлмэрч, Ховдын клубын хөгжмийн эрхлэгч /багш/, хөгжимчин байв. Тэдний төрөл төрөгсдийн дунд урлаг, хөгжмийн авьяастан олон хүн байсан нь Чулууны урлагийн авъяас нээгдэхэд их нөлөөлжээ.

Ж.Чулуун эцгээсээ өвлөсөн энэ авъяасаа хөгжүүлж Ховдын клубт “Солгой” хэмээх Баяр хуурчаар 9 наснаас ёочин заалган, 1938 онд эцэг нь нас барсны учир Улаанбаатар хотноо иржээ. 1939 онд Улсын театрт сайн дураар сурагч-хөгжимчнөөр орж алдарт хөгжимчин О.Дашдэлэг, Оросын мэргэжилтэн Б.Ф.Смирнов, А.Белоусов нарт шавь оржээ. Энэ үеэс Чулуун ёочин, бөмбөр цан, царгил /ксилофон/ зэрэг цохивор хөгжмийн зэмсгүүдийг чадварлаг эзэмшсэн юм. Улмаар 1941 оноос Н.И.Моториноор хийл хөгжим заалгаж “Баян Монгол” дууны найруулгыг Зөвлөлт Буриадын найрал хөгжимтэй анх хөгжимдөж, тэр цагаас тод авъяастай хөгжимчин гэж үнэлэгдэх болсон юм.

1950-1960 онд ХБДС-ийн хийл хөгжмийн ангийн багш, удирдаачаар ажилласан ба энэ хугацаанд хийл болоод үндэсний хөгжмөөр Прага, Будапешт, Берлин, Бухарест хотноо ДЗО-ны их наадмуудад шалгаран оролцож IV их наадмын хүрэл медаль хүртжээ. Энэ үеэс Ж.Чулуун уран авъяаслаг хөгжимдөхийн зэрэгцээ, хөгжмийн зохиол туурвихад биеэ зориулж, ялангуяа өөрийн хайртай хийл хөгжмийн бүтээлүүдээ зохиов. Энэ бол 1949 онд бичсэн “Хийлийн хоршил”, 1951 онд бичиж өөрөө хөгжимдсөн “Ардын хоёр дууны сэдэвт хувилбар аялгуу” хэмээх хийлийн гоцлол, “Аялгуу” хэмээх хийлийн чуулга зэрэг шилдэг бүтээл юм.

Хийлийн “Хувилбар аялгуу”-г 1973 онд Алма-Ата хотноо болсон “Азийн хөгжмийн индэр”-ээс дэлхийд заавал сурталчилбал зохих Монгол хөгжмийн шилдэг бүтээлийн жагсаалтад бүртгэн авсан нь энэ зохиолыг хир зэрэг үнэлсний баталгаа болох юм.

Хөгжмийн зохиол бичсэн 20 гаруй жилийн туршлага найрал хөгжмийн ухааныг сайтар эзэмшсэн туршлагадаа тулгуурлаж 1973 онд бүтээсэн “Уран хас” бүжгийн жүжиг нь Ж.Чулууны авъяас билгийг тал бүрээс нь нээсэн онцгой бүтээл болсон юм.

Энэ бүтээл нь ардын домогт үндэслэж ард түмний мэргэн сэцэн ухаан, шинийг хүсэн тэмүүлэгч, хуучныг шүтэн бишрэгч хоёрын тэмцлийг хурцаар ёгтлон харуулж, үндэсний хөгжмийн аяс намбыг түшиглэсэн сонирхолтой арга дүрслэлтэй, хөгжим бүжгийн эвлэг сайхан нийцэл зохицлоор бүтсэн зохиол болсон юм. “Уран хас” нь чадварлаг сайтар найралжуулгатай, аялгуу хөгжүүлэхэд их анхаарч эерэг сөрөг дүр бүрийн онцлог илэрхийлэх хөгжмийн хэллэгийг чадварлаг ашигласан энгийн яруу бичлэгийн аргатайгаараа онцлог юм. Тус бүжгийн жүжиг манай хөгжмийн театрын санд хандив болон орсон шилдэг бүтээлд тооцогдож 1974 онд БНМАУ-ын Соёлын яамны шагнал хүртжээ. Ж.Чулуун уран яруу хөгжимддөгөөрөө алдаршсан анхны манай нэрт хөгжмийн зохиолч төдийгүй, улсын дуурь бүжгийн театрыг үүсгэн байгуулалцсан анхны гарамгай удирдаач юм.

Ж.Чулуун 1959-1960, 1966-1967 онуудад Прагийн хөгжмийн академид мэргэшил дээшлүүлэх дээд курст суралцаж профессор И.Рохан, И.Церемуга, Р.Брок нарыг удирдаачийн эрдэм, онол зүйгээр дагалдан ажиллаж амжилттай төгсчээ.

1960-1988 онд УДБТ-ын ерөнхий удирдаач, 1988-1995 онд Улсын филармонийн ерөнхий удирдаач, уран сайхны удирдагчаар ажиллаж байв.

Ж.Чулууны, орчин үеийн монголын хөгжмийн соёл урлагт оруулсан их хувь нэмрийг төрөөс үнэлж түүнийг 1971 онд Ардын жүжигчин цол, 1951 онд Улсын гавъяат жүжигчин цол, 1966 онд Төрийн шагнал, 1981 онд Сүхбаатарын одон, Алтан гадас одон 2 удаа тус тус шагнажээ.

Хөгжмийн зохиолчоор:

- “Уран хас” /Бүжгийн жүжиг/ 1973

- Найрал хөгжимтэй хийлийн хоршил 1949

- Ардын 2 дууны сэдэвт хувилбар аялгуу хийлийн гоцлол 1951

- Хийлийн 3 чуулга: “Залуусын золбоо”, “Малчид”, “Дөрвөд” зэрэг бүжгийн хөгжим “Уулын горхи”, “Голын эрэг дээр” зэрэг дан хөгжмийн бүтээл,

- “Уудам хөндий”, “Талын дуу”, “найрамдал” зэрэг дуу

 

Уран сайхны киноны хөгжим:

- “Алтан соёмбын дуулал” 1975

- “Хонины найр” 1976

- “Давааны цаана даваа” 1977

- “Тойрох хуудас” 1979

- “Гул Аранжин” 1980

- “Саруул талын ерөөл” 1984

- “Харуул занги” 1986

- “Хэцүү даалгавар” 1988

Баримтат киноны хөгжим:

- “Туулсан зам” 1981

- “Хоньчин Цогт-Гэрэл” 1982

 

Удирдсан бүтээл /анх тайзнаа/

Балет:

- Б.Асафьев “Бахчисарайн оригилолт булаг” 1956

- Ф.Яруллин, “Шурале” “Ойн савдаг” 1958

- С.Гончигсумлаа “Ганхуяг”

- Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” 1963

- Э.Чойдог “Мөнхийн нөхөрлөл” 1968

- С.Гончигсумлаа “Найз залуус” 1970

- Минкус “Дон кихот” 1971

- С.Прокофьев “Золушка” 1972

- П.И.Чайковский “Хунт нуур” 1975

Дуурь:

- С.Гончигсумлаа “Үнэн” 1957

- П.И.Чайковский “Евгений Онегин” 1963

- А.Даргомыжский “Лусын дагина” 1964

- В.Мурадели “Октябрь” 1967

- Ш.Гуно “Фауст” 1969

- С.Рахманинов “Алеко” 1969

- Д.Лувсаншарав “Шивээ хиагт” 1971

- А.П.Бородин “Игорь ван” 1972

- Б.Дамдинсүрэн “Мартагдашгүй 42 хоног” 1974

- Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” шинэчилсэн тавилт 1975

Симфони бүтээл:

В.А.Моцарт “Юпитер” 41-р симфони, Ф.Шуберт “Төгсөөгүй симфони”, Л.Бетховен 1-р симфони, “Эгмонт” удиртгал, А.Дворжак Славян бүжгүүд, Ф.Мендельсон Хийлийн концерт, П.И.Чайковский Төгөлдөр хуурын 1-р концерт, Д.Шостакович “Баярын удиртгал” зэрэг

Түүнчлэн Ж.Чулуун, дэлхийн сонгодог болон үндэсний 40 гаруй дуурь, балет; 80 шахам симфони бүтээлийг удирдан тоглуулжээ.

Эх сурвалж:

- МХЗЭ-ийн материал

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр