БНМАУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хөгжмийн зохиолч, удирдаач Сэмбийн ГОНЧИГСУМЛАА

Сэмбийн ГОНЧИГСУМЛАА
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хөгжмийн зохиолч, удирдаач

 

1915 оны хоёрдугаар сарын 18-нд одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын "Ихэн хашаатын худаг" гэдэг газар төрсөн. 1928-1930 онд Баянзүрх уулын хошууны бага сургуульд, 1930-1933 онд Багшийн сургууль, 1933-1937 онд Эрхүүд сурч байхдаа (Эрхүү хотод мал эмнэлгийн техникумд суралцан төгссөн) хөгжмийн курс төгсөж, Эрхүүгийн радиогийн найрал хөгжмийн гишүүн болсон. 1937-1939 онд Өмнөговь аймгийн Луус суманд малын эмч, 1939 онд Улаанбаатар хотод орчуулагч багш, 1940-1943 онд улсын циркт хөгжимчин, 1943-1950 онд Москвагийн хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолч, удирдаачийн мэргэжлээр (зохиомжийн багш Е.Месснер, олон хоолойн ухааны багш С.Богатырев, найрал хөгжмийн судлалын багш Д.Рогаль-Левицкий, удирдахуйн ухааны багш И.Дружинин) суралцаж төгссөн. 1950 оноос Улсын хөгжимт драмын театрт хөгжмийн зохиолч, удирдаач, 1958 оноос Хөгжим бүжгийн дунд сургуульд уран сайхны удирдагч, 1960 оноос Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөх, 1957 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбооны зохион байгуулах товчооны дарга, 1964-1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны (хуучин нэрээр) даргаар сонгогдож байв.

Тэрээр 1991 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод насан өөд болжээ. Улаанбаатар хотын Хөгжим Бүжгийн Коллежийг хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн 80 насны ойгоор түүний нэрэмжит болгожээ.

Шагнал

1961 онд "Ганхуяг" бүжгэн жүжгээр БНМАУ-ын төрийн шагнал, 1965 онд БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, 1971 онд БНМАУ-ын ардын жүжигчин цол, 1975, 1985 онуудад Сүхбаатарын одон, 1975 онд ЗХУ-ын улс түмний найрамдлын одон, 1983 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал хүртэж, 1975 онд БНАГУ-ын урлагийн академийн сурвалжлагч гишүүн болжээ. 1981-1985 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байв. Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон "сонгомол" хөгжмийн дэвшилтэй холбож манай хөгжмийн урлагийг шинэ түвшинд авч ирсэн шинэчлэгчдийн нэг нь хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа билээ.

Бүтээлүүд

Дуурь, бүжгэн жүжиг

  • "Буурал бүсгүй" хөгжимт драм 1954 он
  • "Үнэн" дуурь 1957 он (1980-1981 онд шинэчлэн зассан)
  • "Ганхуяг" бүжгэн жүжиг 1958 он
  • "Хошуу наадам" бүжгэн жүжиг 1965 он
  • "Сүнжидмаа" бүжгэн жүжиг 1970 он

Симфони хөгжим

  • Симфони удиртгал-найраглал 1950 он
  • Симфони чуулбар 1952 он
  • МАХН-ын тухай симфони найраглал 1955 он
  • Симфони №1 1964 он
  • Симфони №2 1974 он
  • Симфони №3 (Г.Дмитровын дурсгалд) 1982 он
  • Төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт 1983 он
  • "Жарын жар" симфони удиртгал 1984 он
  • Виолончель найрал хөгжмийн концерт 1985 он
  • Симфони №4 1986 он
  • Симфони №5 (Э.Тельманы дурсгалд) 1988 он

Цөөхүүл хөгжмийн зохиол

  • "Бодол" төгөлдөр хуурын аяз 1947 он
  • "Монгол бүжиг" төгөлдөр хуурын аяз 1947 он
  • Хийл, төгөлдөр хуурын сонатино 1951 он
  • Хийл, төгөлдөр хуурын романс 1951 он
  • Оргилуун гурвал 1955 он
  • Хуучир, шударга, төгөлдөр хуурын гурвал 1956 он
  • Шударга, төгөлдөр хуурын рапсоди 1957 он
  • "Адуучны дуу" хийлийн чуулга 1974 он
  • "Романс" хийлийн чуулга 1977 он
  • Төгөлдөр хуурын 24 прелюди 1978, 1979 он
  • Төгөлдөр хуурын прелюди, токкато, хувилбар 1985 он

Төгөлдөр хуурт зориулан ардын дуу найруулах болон өөрийн сэдэвт тулгуурлан 200 гаруй жижиг, бэсрэг хэлбэрийн бүтээл туурвисан.

Киноны хөгжим

  • "БНМАУ" баримтат кино 1951 он
  • "Сэрэлт" уран сайхны кино 1962 он
  • "Улаанбаатарт байгаа миний аавд" уран сайхны кино 1964 он

Дуу

Тэрээр 60 гаруй дуу, романс туурвижээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр