ХБ, ТШ, АЖ Балжиннямын ЖАМЪЯНДАГВА

 

Балжиннямын ЖАМЪЯНДАГВА

Ерөнхий балетмейстер, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг

 

1932 онд Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн. 1948-1954 онд офицерийн сургууль, 1962 онд ОХУ-ын Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-ийг хөгжмийн театрын найруулагч, балетмейстер мэргэжлээр төгссөн. УДБЭТ-т 2001 оноос 2013 оны 2 сарыг дуустал уран сайхны удирдагчаар, 1963 оноос одоог хүртэл ерөнхий балетмейстрээр тасралтгүй ажиллаж байна.

П.И.Чайковский “Хунт нуур”, Ж.Чулуун “Уран Хас”, Э.Чойдог “Мөнгөн залаа” балетыг дэглэн найруулсны учир 1980 онд төрийн шагнал, 1973 онд УГЗ, 2003 онд Ардын жүжигчин, 2008 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.

УДБЭТ-ыг үндэслэгчдийн нэг, Монгол улсад сонгодог бүжгийн урлагийг хөгжүүлэх, дэлхий дахинаа сурталчлахад онцгой гавъяа байгуулсан уран бүтээлч юм.

Тэрээр 1963 оноос хойш өнөөдрийг хүртэл Римский Корсаков “Щехерезада” /1963/, Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” /1964/, С.Гончигсумлаа “Хошуу наадам” /1965/, Лео Делиб “Копеллия” /1966/, Ц.Пуни “Эсмеральда” /1967/, Б.Дамдинсүрэн“Нуурын домог” /1968/, Э.Чойдог “Мөнхийн нөхөрлөл” /1968/, С.Гончигсумлаа “Найз залуус” /1970/, Л.Минкус “Дон Кихот” /1971,2002/, Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав “Анчин ба согоо” /1973/, Ж.Чулуун“Уран Хас” /1973,2002/, Э.Чойдог “Хөгжмийн эгшиг” /1973/, И.Морозов “Ай болит доктор” /1975/, П.И.Чайковский “Хунт нуур” /1975/, Сонгодог бүжгийн цоморлиг /1978/, “Мөнгөн залаа” /1979/, З.Хангал “Эрдэнэсийн уулс” /1981/, А.Хачатурян“Спартак” /1984/, Д.Шостакович “Энхийн тойрог” /1986/, Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой” /1987/, В.Боролдой “Малчдын дуулал” /1988/, Х.Билэгжаргал “Бөртэ чоно” /1990/, Э.Чойдог “Чойжид дагина” /2005/ зэрэг 32 балетыг тайзнаа тавьж, хореограф, балетмейстерээр ажиллаж байна.

 

Олон улсын балетын тэмцээний шүүгчээр:

 

Японы Токио хотод болсон Ази номхон далайн орнуудын олон улсын балетын конкурст 1976, 1978, 1980, 1991, 2002, 2003, 2005 онд

Москвагийн ОУ-ын конкурст 1977, 1981, 1985, 1989 онд

Пермийн ОУ-ын конкурст 2002, 2004 онд тус тус ажилласан.

1981 онд  ОУ-ын балетын жүжигчдийн 4-р конкурсын “Орчин үеийн шилдэг бүжиг дэглээч”-ийн тэргүүн шагнал хүртсэн.

1976 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй төр засгийн хүндэтгэлийн болон түүхт ой, ёслол арга хэмжээний олон арван концертыг найруулан ажиллаж байна.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр