ХБ, АЖ Гонгорын Хайдав

 

Гонгорын Хайдав

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин

Г.Хайдав 1927 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төржээ. Бага дунд сургуулийг дүүргэж,Улсын хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгч линотипчоор ажиллаж байгаад,1948-1954 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд суралцаж төгссөн.

 

1954 онд эх орондоо ирээд дуурийн театрт 34 жил дуучнаар ажиллаж монголын ард түмнийг дэлхийн сонгодог урлагтай танилцуулан, дуурийн 26 гол дүр бүтээж, 400 гаруй дуу дуулж урын сангаа баяжуулан,олны хүндэтгэл хүлээсэн нэрт дуучин, жүжигчин хүн юм. 1955 оноос одоог хуртэл ХБК,УБИС,СУИС-иудад багшилж, дуурийн дуучдыг төрүүлж, урлагийн хойч үеийг хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа сурган хүмүүжүүлэгч хүн. Мөн "Дуучдад өгөх зөвлөмжүүд" бичиж, олон дуурийг орчуулж нийтийн хүртээл болгосон бөгөөд монголын урлагийг ЗХУ,Хятад, Австри, Югослав, Герман зэрэг дэлхийн улс орнуудад сурталчилж олон удаагийн шагнал хүртсэн та бидний хүндэтгэж явдаг ахмад уран бүтээлч юм.

Уран бүтээлүүд:

Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн Бор, “Учиртай гурван толгой” Юндэн, “Тэмцэл”  Балжир, “Амарсанаа” манж хаан, “Мартагдашгүй 42 хоног” Цэрэнтойн, С.Гончигсумлаа “Үнэн”  Балдан, Л.Мөрдорж “Хөхөө Намжил” Намжил, “Жаргал” Суурь, Д.Лувсаншарав “Шивээ хиагт”  Онолт, Түмэн, П.И.Чайковский “Евгений Онегин” Ленский, А.Даргомыжский “Лусын дагина” Ван, А.Бородин “Игорь Ван” Игоревич, В.Мурадели “Октябрь” Массальский, Ш.Гуно “Фауст”  Фауст, Дж.Пуччини “Чио Чио Сан” Пинкертон, Б.Сметан“Худалдагдсан бэр” Еник, Дж.Верди “Травиата” Альфред, Ж.Россини “Севилийн үсчин” Альмавива зэрэг дүрийг бүтээжээ.

Хайдавын уран бүтээлч үйл ажиглагааг төр засгаас үнэлж Ардын хувьсгалын 40,50 жилийн ой болон Хөдөлмөрийн хүндэт медалиуд, БНМАУ-ын гавъяат жүжигчин,БНМАУ-ын ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнажээ.

 

Зохиогчийн эрх © 2015 он
Сайт эзэмшигч Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр